Азийн 27 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад өнөөдөр оролцлоо.
Сайд нарын уулзалтад ОХУ, Энэтхэг, Монгол, Катар, Бахрейн, Киргиз, Беларусь, Узбекистан зэрэг АХАИББХ-ын гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, КОВИД-19 цар тахлын дараа хэрхэн хамтран ажиллах, нийгэм, эдийн засгийг сэргээж, идэвхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах асуудлаар санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ уг уулзалт цар тахлын дараах олон сорилтуудад үр дүнтэй хариу бодлого хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү нягт хамтран ажиллах шаардлагатай чухал цаг үед болж байгааг онцлов. Мөн АХАИББХ нь олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй тавцан болсныг тэмдэглэв.
Төлөөлөгчдийн тэргүүн нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаевт бараалхаж, АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төв байрны албан ёсны нээлтэд оролцлоо.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р чуулганы үеэр буюу 1992 оны 10 дугаар сарын 5-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч асан Н.А.Назарбаев дэвшүүлж байсан бөгөөд ирэх онд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ой тохиох юм.