Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын асуудлыг маргааш УИХ-д оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбогдорж өнөөдөр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч уулзалтынхаа эхэнд МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг хүлээж авсан гэдгийг мэдэгдээд Засгийн газрын бүтцийн тухайд ямар байр суурь барьж ажиллах гэж байгааг нь тодруулсан юм. Ингэхэд Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг мэргэжлийн түвшинд зохион байгуулна. Ингэхдээ давхар дээлтэй сайд нарын тоог одоогийн байгаа түвшнээс бууруулж ажиллах чиг барьж байгаа. Өөрөөр хэлбэл, үндсэн чиг үүргийн Гадаад харилцаа, санхүү эдийн засаг, хууль, байгаль орчны асуудал хариуцсан яамдын сайд УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байж болохоор зохицуулалт хийнэ. Бусад сайд нар дан дээлтэй байна гэсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хурдан гольдролд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хэд хэдэн чиглэлд анхаарлаа хандуулахыг хүсэв. Нэгдүгээрт мэргэжлийн Засгийн газар гэдэг хуулийг чанд хэрэгжүүлдэг, тухайн салбарт тавьж буй шаардлагыг хангадаг, ёс зүйтэй байх ёстой. Хоёрдугаарт, хийх ажил их байгаа энэ үед давхар дээлээс ангижирч УИХ, Засгийн газрын гишүүд тус тусын ажлаа хийдэг байх хэрэгтэй. Гуравдугаарт, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх өндөр түвшний зочидтой нүүр тулж уулзан, хамтарч ажиллах эхлэлээ тавих нь зөв. Дөрөвдүгээрт Засгийн газраас захиалж хийлгэсэн ажлын төлбөрийг барагдуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны асуудлыг шийдэх, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хэмжээг бууруулахгүй байх зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөв.
Түүнчлэн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярианыхаа дунд цохон тэмдэглэсэн. Ерөнхийлөгч үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ тэнд ажиллаж буй нэг ч ажилтныг хохироож болохгүй гэлээ. Мөн “Ер нь ард түмэн олон нийтийн сүлжээгээр та бүхний алхам бүрийг олж хардаг болсон байна. Та бүхэн шилэн дээгүүр алхаж яваа шиг харагддаг болжээ. Буруу хийсэн алхам бүр чинь ард түмний ой санамжаас салахгүй шүү. Зарим нэг сургамжийг харж байхад, эхний нэг хоёр жилээсээ намынхаа гишүүдийг, тойрон хүрээлэгчдээ, ах дүүгээ, төрөл садангаа дэргэдээ татдаг төрийн албаны ёс зүйгүй үйлдлийг зогсоомоор байна. Төрийн албанд орсон хүн баяждаг гэсэн муухай жишгийг алга болгомоор байна. Хэрэв буруу алхам хийвэл иргэдийн итгэл нэг хоёр жилийн дараа борооны дараах солонго шиг алга болдог. Ард түмний алдагдсан итгэл хадгалагдаад байж байдаг. Харин ч бүр зузаараад байж байдаг юм шүү. Ард түмний итгэлийг алдахгүй байх дээр онцгой анхаараарай. УИХ-ын нээлтэн дээр “Эрх баригчид өөрчлөгдсөн, гэхдээ асуудал үлдсэн” гэж хэлсэн. Тэр асуудлыг шийдэх гол хүн бол Ерөнхий сайд юм шүү” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ерөнхий сайдын томилгооны асуудлыг судлаад маргааш УИХ-д оруулна гэдгээ хэллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ