Монголын 23 хүртэлх насны 7 бөх Белградын дэвжээнд хүч сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белград хотноо болж байна.
Энэхүү 4 дэх удаагийн
тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белград хотноо очжээ. Монголоос чөлөөт бөхийн төрөлд 5 эрэгтэй,
2 эмэгтэй тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч,
спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монгол бөхчүүд өмнө нь 23
хүртэлх насны ДАШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл, нийт 10 медаль хүртээд байгаа юм.
Белградыг зорьсон
бөхчүүдийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс),
61 кг-д Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс), 70 кг-д Болдбаатарын
Сандуйжадамба (Хангай хүчтэн), 79 кг-д Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс), 92
кг-д Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) нар барилдах бол эмэгтэйчүүдийн 53
кг-д Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб), 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа
(Хасу-Мегастарс) нар ур чадвараа сорино.