Нэмэлт тунд оюутан залуус, соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу
өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан
тохиолдол бүртгэгдэж байна.
Нийслэлийн удирдах
ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэхдээ, “Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр
эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны
эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон
болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн
байдлаар Баянголд тав, Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа,
Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга
хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.
Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна” гэлээ.
Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж,
нэмэлт буюу бүүстер тунд 262 284 хүн
хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба хаагчдын 91 хувь, Онцгой
байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад
байгаа юм. Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны
байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл”
брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж
байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
тодотгов. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт
хангалтгүй байгааг тэрбээр онцолсон юм.