Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-12 14:15:56

МОСКВА. /Sputnik/. Сэргээш хэрэглэсэн хэргээр эрхээ хоёр жилээр хасуулсан алдарт теннисчин Мария Шараповагийн гаргасан гомдлыг шүүн хэлэлцэх хугацааг олон улсын Спортын арбитрын шүүх /САШ/ хойшлууллаа.

Энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний үеэр Оросын алдарт теннисчин Шарапова хориотой эмийн жагсаалтад орсон “мельдони” эмийг хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсон юм.

Ингэснээр Олон улсын талбайн теннисний холбоо түүний теннис тоглох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан билээ.

Шарапова энэ шийтгэлийг хэрэгсэхгүй болгох эсвэл шийтгэлийн хугацааг багасгуулахын тулд өнгөрсөн сард САШ-д давж заалдсан юм.

САШ анх мэдэгдэхдээ “Шараповагийн гомдлыг долдугаар сарын 18-нд шүүн хэлэлцэнэ” гэж байсан бол өчигдөр “гомдлыг шүүн хэлэлцэх хугацааг есдүгээр сарын 15 хүртэл хойшлуулахаар теннисчин Шараповатай тохиролцсон” гэв.

Талуудын аль алинд шүүх хуралд бэлтгэх хугацаа хэрэгтэй байгаа аж.

САШ гомдлыг шүүн хэлэлцээд Шараповагийн тоглох эрхийг сэргээж магадгүй гэж таамаглаж байсан юм. Гэвч шүүх хурал хойшлогдсоноор Шарапова удахгүй Бразилын Рио-де-Жанейро хотод болох гэж буй Зуны Олимпын наадамд оролцох боломжгүй боллоо.

Г.Доржханд
 

Связанные новости