Ази-Европын гүүр болсон АСЕМ-ын үүргийг өндрөөр үнэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар хотноо үргэлжилж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйл явцын талаар АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил АСЕМ-ын Хэвлэлийн төвд мэдээлэл хийлээ.
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхийн өмнө Францын Ницце хотод өчигдөр орой болсон террорист халдлагатай холбогдуулан Францын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, хуралд оролцож буй төр засгийн тэргүүд нэг минут хүндэтгэл үзүүлснийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлсэн. Мөн АСЕМ-ын дөрвөн үндсэн хурал болох Ази-Европын Парламетчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ази-Европын Парламетчдын уулзалтын дүгнэлтийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцуулсан.
Дээд түвшний уулзалтыг нээж, зочдоос хамгийн эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн бөгөөд дараа нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Европын Гадаад харилцааны алба (Дээд төлөөлөгч) Федерика Могерини нар үг хэлжээ. Төлөөлөгчид Францад болсон халдлагад эмгэнэл илэрхийлж, сүүлийн 20 жил Ази-Европын хооронд гүүрэлсэн АСЕМ гэх байгууллагын хийж гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэн, ирээдүйн 10 жилээ тодорхойлох, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцож байгаа аж. АСЕМ-ын хэмжээнд хоёр тивийн уялдаа холбоо, ялангуяа улс төр, эдийн засаг, нийгэм соёлын гэсэн гурван чиглэлд тулгуурлаад ирээдүйн Ази-Европын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцож байна. Нэн тэргүүнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа АСЕМ ач холбогдолтой, чухал, хэрэгцээ шаардлагатай улс төр, эдийн засгийн ярилцаа хэлэлцээний тавцан байсныг бүгд хүлээн зөвшөөрчээ. Анх 26 гишүүн оронтой үйл ажиллагаагаа эхлүүлсэн АСЕМ өнөөдөр 51 орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэн өргөжиж, дахин өөр улс орнууд ч нэгдэх саналаа илэрхийлсээр байгааг онцолж ярилцсан байна.
Дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь", "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" сэдвээр хоёр салбар хуралдаантай явагдаж байна.
Н.Гантуяа