ИТХ-ын тавдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-04 15:13:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдааныг энэ сарын 3, 4-ний өдөр зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ нь 41 төлөөлөгч, 11 тэргүүлэгч, таван хороотой. Харин сумдын ИТХ-д 371 төлөөлөгч, 91 багийн ИНХ-ын 503 идэвхтэн сонгуультан байгаа бөгөөд бүх шатны нутгийн захиргааны байгууллагатай хамтарч, чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна аймаг, сум, байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Хуралдааны хүрээнд 2021 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашид орон нутгийн иргэдийн амьдрал, нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгуур болохуйц хэд хэдэн асуудлыг хамтын оролцоотой хэлэлцэж буй.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилт, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2022 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, газрын газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай зэрэг асуудлыг албаныхан танилцуулж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг авч байна.

Энэ онд цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан Ховд аймгийн ИТХ-ын хуралдааныг нэг удаа, тэргүүлэгчдийн хурлыг 15 удаа, “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг хоёр удаа цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулж, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, бодлогын чиглэлээр 80 гаруй асуудлыг хэлэлцэн, 76 тогтоол, шийдвэр гаргаж, биелэлтэд хяналт тавин ажиллажээ.

Тус ажлын үр дүн, аймгийн ИТХ-аас 2021 онд дэвшүүлсэн зорилт, зохион байгуулсан ажил, цаашдын зорилтыг төлөөлөгчид хэлэлцэж, “хангалттай” гэж дүгнэлээ.

 

Связанные новости