Бельгид вакцин эсэргүүцэгчдийн өмнөөс ес дэх тунгаа хийлгэх гэж байсан эрэгтэйг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /Anadolu/.
Бельгийн 33 настай иргэнийг вакцин
хийлгэхийг эсэргүүцдэг хүмүүсийн өмнөөс “COVID-19”-ийн вакцины ес дэх тунгаа тариулах гэж байх үед нь баривчилсан талаар
тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээллээ.
“De
Standaard” сонинд мэдээлснээр, уг эрэгтэй
Фос-ла-Виль хотын вакцинжуулалтын төвд вакцин хийлгэх гэж байхдаа баригдсан
байна. Урьд нь Намюр, Шарлеруа хотын вакцинжуулалтын төвийн ажилтнууд нэгэн
эрэгтэй вакцин хийлгэхээр удаа дараа ирснийг ажигласан талаараа цагдаа нарт мэдээлээд
байжээ.
Тийнхүү
вакцинжуулалтын төвийн ажилтны дүрд хувирсан цагдаагийн ажилтан түүнийг дахин
вакцин хийлгэхээр ирэх үед нь баривчилсан байна. Цагдаа нарт мэдүүлэг өгөх
үеэрээ тухайн эрэгтэй найман тунг тариулснаа хэлсэн бөгөөд вакцин эсэргүүцэгчдэд гэрчилгээ
авч өгөхийн тулд бичиг баримтыг нь ашиглах бүрдээ 100-150 евро авсан гэдгээ
хүлээжээ.
Бельгид “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах дүрэм журмын хүрээнд зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг зоогийн газар, цэнгээний газраар үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа юм. Мөн олон ажил олгогч вакцинд хамрагдсан байх шаардлагыг ажилтнууддаа тавьж байгаа ажээ. Өнгөрсөн ням гарагт тус улсад вакцин хийлгэхийг эсэргүүцэж буй олон арван мянган хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.