Испанид “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх хоёр давлагааны үзүүлэлтийг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-06 17:22:04

МАДРИД. /Anadolu/. COVID-19” цар тахлын зургаа дахь давлагаанд нэрвэгдээд байгаа Испанид халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх хоёр давлагааны үзүүлэлтийг давжээ.


Тодруулбал, өнгөрсөн оны дөрөв, наймдугаар сард дэгдсэн халдварын давлагааны үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо хамгийн ихдээ 10500-д хүрч байсан бол лхагва гаргийн байдлаар эмнэлгүүдэд 13300 гаруй өвчтөн эмчлүүлж байна.


Гэхдээ эмзэг бүлгийн иргэдийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байхад буюу нэг жилийн өмнө нүүрлэсэн халдварын гурав дахь давлагаатай харьцуулахад цөөн байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 30 мянга давж байсан юм.


Одоогийн байдлаар хүнд өвчтөнүүдийн тоо сүүлийн хоёр давлагааныхаас үл ялиг бага хэвээр байгааг мэргэжилтнүүд вакцины үр нөлөө болон “омикрон” хувилбар хөнгөн өвчлүүлдэг байх магадлалтай байгаатай холбон тайлбарлаж байна. 


Испанид хамгийн сүүлийн мэдээллээр насанд хүрсэн хүн амын 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаад байгаа боловч өвчлөл сүүлийн үед урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэх болоод байгаа юм.


Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт нэг сая орчим хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо ч мөн нэмэгдэж байгаа бөгөөд лхагва гарагт 148 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 70-аар нэмэгдсэн байна. 

Связанные новости