373.1 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-14 17:51:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг аймгийн ХХААГ-аас сэтгүүлчдэд өглөө.

-Завхан аймагт энэ өвөл өвөлжилт өнтэй дулаахан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа 9355 өрх нь аймгийн нийт өрхийн 44.3 хувийг эзэлж байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны гаргасан зураглалаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 80 хувьд хэвийн буюу сайн. Харин 20 хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан. Мөн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг бэлчээрийн ургац, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа, малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэн тодорхойлсноор аймгийн нийт бэлчээрийн 41 хувьд нь нөөцтэй, 30 хувьд нь хүрэлцээтэй байгаа. Харин 17 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, хоёр хувьд нь 3-5 дахин хэтэрсэн. Аймгийн нийт бэлчээрийн 10 хувьд нь олон дахин хэтэрсэн үнэлгээ гарсан. Гэсэн хэдий ч бэлчээр нутгаа өнжөөх, сэлгэх, өвөлжилтөд эртнээс бэлтгэх, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, малын тэжээл тариалах ажлууд хуваарийн дагуу амжилттай хийж байна. Цаг агаар тогтуун, өвөлжилтийн бэлтгэлийг сайн базааснаар малын хорогдол бага өнтэй өвөлжиж байна.

24 суманд үлийн цагаан оготно устгах төхөөрөмж нийлүүлнэ

Бэлчээр хамгаалах намрын арга хэмжээг 24 суманд хэрэгжүүлсэн.

Тодруулбал, бэлчээр хамгаалах арга хэмжээний сургалт дадлагад хамрагдсан мэргэжилтнүүд тухайн сумандаа төрийн албан хаагч, малчдыг хамруулж нийт 667 хүн оролцсон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 65.2 сая төгрөгийн санхүүжилтээр сумдыг үлийн цагаан оготнотой тэмцэх зориулалтын төхөөрөмжтэй болгохоор ажиллаж байна. Тухайлбал, утагч, усны помп, нүх цөмлөгчтэй болгохоор тендер зарласан. Ингээд Боврой ХХК-аас ус шахагч помп 30 ширхэг, үлийн нүх ухагч 50 ширхэг, утагч 40 ширхгийг 24 суманд нийлүүлэхээр гэрээ хийсэн байгаа. Учир нь аймгийн нийт бэлчээрийн нутгийн 70 гаруй хувь нь үлийн цагаан оготнотой. Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа. Тиймээс бэлчээрийн нутгийг хамгаалах ажлыг зайлшгүй явуулах шаардлага жил бүр гарч байна гэв.

Хот айлын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 80 орчим хувьтай байна

Завхан аймаг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор аймаг 100 тонн өвс, 200 тонн ногоон тэжээл, 100 тонн тэжээл бэлтгэх үүрэг хүлээсэн.

Ингээд аймгийн аюулгүйн нөөцөд орон нутгийн хөгжлийн сангаас 200.0 сая төгрөг төсөвлөж 266 тонн өвс худалдан авахаар тендер зарлан нийлүүлж байна. Харин сум бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл гээд нийт 24 сум 2400 тонн өвс, 720 тонн тэжээл бэлтгэх даалгавартай. Одоогоор сумын аюулгүйн нөөцөд 586.5 тонн өвс, 295.0 тонн тэжээл нөөцөлсөн нь 32.5 хувийг бэлтгэсэн байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Засаг дарга нарын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгаснаар малчид 17.9 мянган тонн хадлан, 403.5 тонн гар тэжээл, 8872 тонн ногоон тэжээл, бэлтгэж хот айлын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр тусгагдсан. Одоогоор 24 сумын малчид, иргэд 14.2 мянган тонн байгалийн хадлан, 8174 тонн ногоон тэжээл, 57 тонн үйлдвэрийн тэжээл, 254.3 тонн гар тэжээл, 754.9 тонн давс хужир шүү бэлтгэсэн нь өвс, тэжээл бэлтгэл 80 орчим хувьтай байна.

Малын тэжээл тариалж төлөвлөснөөс гурав дахин их ургац хураан авчээ

Аймгийн хэмжээнд зуншлага, бэлчээрийн төлөв байдал, бэлчээр хамгаалах арга хэмжээг төлөвлөж ажилласны үр дүн гарсан.

Өвс тэжээлийг сум бүр тариалах. Ялангуяа тариалангийн бүс нутгуудад малын тэжээл тариалах ажлыг эрчимтэй явуулсан. 2020 онд 3503.5 га-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол 2021 онд 7541 га-д тариалалт хийсэн нь өмнөх оноос 4037.5 га-гаар нэмэгдсэн байна. Ургац хураалтын мэдээгээр үр тариа 1440 тонныг хурааж авахаар төлөвлөснөөс 1755 тонныг хураан авсан. Малын тэжээл 4500 тонныг хурааж авахаар төлөвлөснөөс 2.8 дахин ургац буюу 12608.9 тонн ургацыг тус бүр хураан авсан байна.

Хилийн зурвас нутагт 14 мянга орчим толгой мал оторлож байна

Өнөөдрийн байдлаар өөр аймгийн нутагт буюу Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Архангай зэрэг дөрвөн аймгийн нутагт 14953 толгой мал оторлож байна.

Тодруулбал дээрх аймгуудын Дэлгэр, Цагаан-Уул, Галт, Сайхан, Чулуут зэрэг таван сумын нутагт Шилүүстэй, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг гурван сумын 21 өрхийн 14953 толгой мал оторлож байна. Харин өөрийн аймгийн нутагт буюу Завханмандал, Тэс, Сантмаргаз, Түдэвтэй, Сонгино, Идэр  зэрэг зургаан сумын нутагт Цэцэн-Уул, Баянхайрхан, Тосонцэнгэл зэрэг гурван сумын 14 өрхийн 5668 толгой мал, Багахайрханы отрын бүс нутагт Завханмандал, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Дөрвөлжин зэрэг дөрвөн сумын 34 өрхийн 25315 толгой мал оторлож байна. Хилийн зурвас нутагт Тэс сумын 52 өрхийн 13813 мал отроор өвөлжиж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн усан хангамж 85 хувьтай байна

2021-2022 оны өвөл, хаврын мал аж ахуйн усан хангамжийн нөөц 85 хувьтай байна.

Завхан аймгийн хэмжээнд бэлчээр болон сумын төвд байрлалтай 616 худаг байдаг. Үүнээс сумын төвд 96 худаг үүнээс 89 худаг ажиллаж 7 худаг ажилладаггүй. Харин бэлчээрт 520 худаг үүнээс 397 худаг ажиллаж байна. Бэлчээрийн засварлах шаардлагатай 100 худаг байна.

2021 онд Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ургамал, Завханмандал, Яруу, Эрдэнэхайрхан сумдад инженерийн хийцтэй бэлчээрийн худаг гурвыг гаргаж комисс хүлээн авч ашиглаж байгаа.

 Өвлийн идэш арга хэмжээний хүрээнд 28 тонн малын мах худалджээ

Өнөөдрийн байдлаар 2021-2022 оны өвөл, хаврын хүн амын хүнсний хэрэгцээнд 218.6 мянган толгой малыг зарцуулсан байна. Харин 373.1 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Үүнээс өнөөдрийн байдлаар хүнсний хэрэгцээнд хөдөө аж ахуйгаас 307.6 мянган толгой мал буюу 6152 тонн мах бэлтгэжээ.

Харин зах зээлд 422 мянган толгой мал худалдан борлуулж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн А/319 дугаар, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай тушаалын дагуу Завхан аймаг өвлийн идэш арга хэмжээг зохион байгуулсан. Өвлийн идэш арга хэмжээний хүрээнд Улиастай сумын Завхан хүнс групп үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 24 тонн хонь, үхэр, адууны мах, Түдэвтэй сум дөрвөн тонн богийн махыг худалдан борлуулсан байна гэж аймгийн ХХААГ-аас тус тус мэдээлэл өглөө. 

Связанные новости