Испанийн хаан “COVID-19”-ийн халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД. /Reuters/. Испанийн хаан VI Филиппийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар хааны
ордноос лхагва гарагт мэдээлжээ. Өдгөө 54 настай түүнд халдварын хөнгөн шинж
тэмдэг илэрч байгаа бөгөөд долоо хоног тусгаарлагдах ажээ.
“Хааны биеийн
байдал сайн байгаа бөгөөд ажил үүргээ өргөөнөөсөө гүйцэтгэнэ” гэж ордны
мэдэгдэлд дурджээ. Хатан Летизиа болон охин Софиа нарт халдварын ямар нэгэн
шинж тэмдэг илрээгүй ч Испанид мөрдөж буй дүрэм журмын дагуу тусгаарлагдана. Испанийн
12-оос дээш насны хүн амын 91 хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд үүнд хааны
удмын гэр бүлийн бүх гишүүн багтаж байгаа юм.
Хэдийгээр Испанид
“COVID-19”-ийн өвчлөл оргил
үедээ хүрч байсан нэгдүгээр сарын дунд үеийнхээсээ бараг тэн хагасаар буураад
байгаа ч өмнөх давлагаануудынхтай харьцуулахад өндөр хэвээр байна. Тус улсад
сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн тутмын 1900 орчим нь коронавирусний
халдвар авчээ. Испанид өнөөдрөөс эхлэн гадаад талбайд амны хаалт зүүх журмыг цуцалж
байгаа юм.