Булган, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 497 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Хагас сарын өмнө халдварын тохиолдлын тоо мянгаас дээш тоотой бүртгэгдэж байсан бол энэ тоо сүүлийн долоо хоногт хагас мянга руу шилжээд байна.
Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 257 нь Улаанбаатар хотод, 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 39 тохиолдол Орхон аймагт илэрчээ. Харин Булган, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2091 хүн эндээд байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3238 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11 310 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 894 нь хөнгөн, 2039 нь хүндэвтэр, 260 нь хүнд, 45 нь маш хүнд өвчилсөн байна.