ӨЭМТ-үүд стандартын дагуу ажиллахад 50 хувийн хүний нөөцийн дутагдалтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-24 14:54:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох санхүүжилтийг хоёр дахин нэмснээр ӨЭМТ-үүд стандартын дагуу ажиллахад 50 хувь дутагдалтай байсан хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллах боломжтойг мэргэжилтнүүд өгүүлж байна.


Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо ЭМЯ-тай хамтран "Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая" зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулсан юм.


2022 оны байдлаар нийт 3334 эмч эмнэлгийн ажилчин ажиллаж Монгол Улсын 2.4 сая буюу хүн амын 70 хувьд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өрхийн эмнэлгүүдэд цалин хангамж, байр байгууламж, тоног төхөөрөмжийн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгааг эмч нар онцолж байлаа.


ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ, “Өрхийн эмнэлгүүд тэгш хүртээмжтэй бүх хүнд үйлчлэх суурь зарчимтай. Нийслэл болон аймагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүд хоёр сая гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү тусламж үйлчилгээний шатлалын санхүүжилтийн пирамидыг үзэхэд, дэлхийн бусад улс орон санхүүжилтийнхээ 50-60 хувийг өрхийн эрүүл мэндийн төвийн анхан шатны үйлчилгээнд зарцуулдаг бол Монголд 20 орчим хувьтай байна. Энэ онд Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох санхүүжилтийг хоёр дахин нэмснээр ӨЭМТ-үүд стандартын дагуу ажиллахад 50 хувь дутагдалтай байсан хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллах боломжтой” гэв.


Зөвлөгөөний үеэр МӨАУМХ-ны ерөнхийлөгч, доктор профессор С.Ламбаа "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд", ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд "Нийгмийн эрүүл мэндийн бодлого ба ӨЭМТ-ийн гүйцэтгэх үүрэг чиг хандлага, цаашдын зорилт", ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хэрэгжилт цаашдын чиг хандлага" ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж буй ЭМД-ын газрын санхүүжилт, бодлого, чиглэл, зорилт" сэдвээр тус тус илтгэл тавив. Зөвлөгөөнөөр Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм.


Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, засаг дарга, нягтлан бодогч нар, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн ЭМГ дарга нарын төлөөлөл, ЭМДЕГ, ЭМХТ-ийн мэргэжилтнүүд ДЭМБ, АХБ, Глобал сангийн удирдагч мэргэжилтнүүд нийт 350 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөний дараа ӨЭМТ-ийн дарга, нягтлан бодогч нарыг санхүүжилт, удирдлагын чиглэлээр чадавхжуулах 3 өдрийн сургалтыг зохион байгуулна. 




Связанные новости