Үндэсний спортын холбоод чуулж Зөвлөмж гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний спортын анхдугаар Их чуулган Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн ордонд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Тус чуулганд үндэсний спортын 15 холбоог төлөөлж аймаг, нийслэл, дүүргийн 770
төлөөлөгч оролцсон юм. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг
хэлэхдээ чуулганы төлөөлөгчдөд талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд
өндөр амжилт хүссэн юм.
Монголын үндэсний спортын хороо /МҮСХ/-ны
ерөнхийлөгч Ц.Магалжав болон МҮБХ-г төлөөлж, дэд тэргүүн, улсын аварга
О.Балжинням, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/-г
төлөөлж тод манлай уяач Д.Даваахүү, Монголын үндэсний харвааны холбоо /МҮХХ/-г
төлөөлж, хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг нар илтгэл тавьсан. Мөн үндэсний спортын бусад
холбоодын төлөөллүүд 3 минутад багтаан үг хэлж санал солилцон хэлэлцсэн юм.
Тус чуулганы төлөөлөгчдөөс дараах зөвлөмжийг гаргажээ.
ЗӨВЛӨМЖ (төсөл)
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Үндэсний спортын анхдугаар их
чуулган”-ыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагт Монгол Улсын
нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн Ордонд үндэсний спортын 15 холбооны 770
төлөөлөгчид хуран чуулж, хэлэлцэн зөвлөлдөж энэхүү зөвлөмжийг Монгол Улсын Их
Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Бүх шатны Иргэдийн
төлөөлөгчдийн Хурал, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, Монгол
Улсын иргэд болон Үндэсний спортын соёлын өв тээгч Монголоороо овоглосон хүн
бүр мэргэн оюундаа тунгаан ажил үйлс болгон хэрэгжүүлэхийг хүсэж энэхүү
зөвлөмжийг хүргүүлж байна.
НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД
1.1.Монголын уламжлалт үндэсний спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Үндэсний их баяр наадмын
тухай” хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хууль, дүрэм,
журмыг үндэсний спортын өв тээгчид,
мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачилгыг тусган,
үндэсний уламжлалт соёлын өвийг алдагдуулахгүйгээр батлах,
1.2 Үндэсний их баяр наадмын үндэсний морин уралдааны төрлийг нутгийн
уугуул монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулж, зохион
байгуулах, шударга өрсөлдөөнийг хангах, уралдах адууг бүртгэлжүүлж, цахим ил
тод болгох, хариуцлага, ёс зүй, жудгийг
эрхэмлэх, уяачийн үүргийг тусгах зэргээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн
шинэчилсэн найруулгыг боловсруулж батлах,
1.3 Спортын төлбөрт таавар, бооцоот тоглоомын хуулийг боловсруулан
хэрэгжүүлэх замаар үндэсний морин уралдаан болон морин спортын төрлүүдийг тусад
нь хөгжүүлэх, спорт дахь шударга бус өрсөлдөөнийг хангах, ашиг сонирхлын
зөрчлийг таслан зогсоож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын татварын орлогоос
зохих хэсгийг Спортыг дэмжих санд төвлөрүүлэн үндэсний спорт, соёлын өвийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх,
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД
2.1.Монгол Улсын ирээдүйг түүчээлэх хүүхэд залууст Үндэсний өв соёлын нэг
үндэсний спортыг залгамжлуулан өвлүүлэн хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол үндэстний
онцлог, ондоошлыг сурталчлан таниулах Үндэсний спортын өв соёлыг хадгалах,
хамгаалах, дэлгэрүүлэн хөгжүүлэх талаар бие даасан Зарлиг буулгах,
ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ
3.1.“Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын
баримт бичигт тусгасан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгоход үндэсний
спортын өв, соёл, амьдралын ухаан, арга зүйг үр дүнтэй ашиглах, төрийн
удирдлагын төвлөрлийг бууруулах үүднээс мэргэжлийн төрийн бус байгууллагад
төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх замаар үндэсний
спортын соёлын өвийг хадгалах, дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжиж хамтран
ажиллах,
3.2.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагад биеийн тамирын хичээлийн
хөтөлбөрөөр дамжуулан үндэсний спортын өв соёлыг зааж сургах, уламжлан өвлүүлэх
ажлыг боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх,
3.3.Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх, аялал
жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд ойрын жилүүдэд үндэсний спортын өв соёлыг
хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын байгууллагуудын нэр хүндтэй томоохон
үндэсний спортын олон улсын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх,
санал гарах,
ДӨРӨВ. БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА НАРТ
4.1.Олон нийтэд үндэсний спортын өв соёлыг түгээх, сурталчлах, боловсрол
олгох, газар нутаг, соёлын өвөрмөц онцлогт тохирсон соёлын өв, үндэсний спортод
түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг манлайлан зохион байгуулах.
ТАВ. ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭРИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД
5.1.Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, үндэсний ондоошил, өв соёлоо өөрийн
үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, өнгө төрх, ялгарал болгон эдийн засгийн үр
шим, өгөөжийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үндэсний спортын өв
соёлыг шингээхийн зэрэгцээ түгээн дэлгэрүүлэхэд бүх талаар хамтран ажиллах.
ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ
6.1.Хүн бүр эх түүх, хэл, соёлоо шимтэн судалж, үндэсний уламжлалт спортоор
сонирхон хичээллэж, түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг
оруулах.
ДОЛОО. ҮНДЭСНИЙ СПОРТЫН СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧ ЭРХЭМ ТАНД
7.1.Төрт ёс, түмэн олноо хүндэтгэж аливаа шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, ёс жудагийг эрхэмлэн, Үндэсний спортоо цэвэр тунгалаг, бүрэн бүтнээр нь өвлүүлэн уламжлуулах их үйл хэрэгт идэвхийлэн оролцох.