Алдарт теннисчин Майкл Брайан, Боб Брайан нар Монголын говиор аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-ын “International Experiences” байгууллагатай хамтран “Legends abroad” төсөл хэрэгжүүлэх болов.
Уг төслийг олон нийтэд танилцуулах ёслолыг энэ сарын 3-нд ЭСЯ-д зохион байгуулжээ. АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улс хилээ бүрэн нээснийг мэдээлж, цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээх гол хүчин зүйлийн нэг бол аялал жуулчлалын салбар гэдгийг онцлов.
“Legends abroad” төсөл нь АНУ-ын спортын алдартнуудыг дэлхийн байгалийн өвөрмөц газруудад зочлуулан, өдөрлөг зохион байгуулдаг юм. Төслийн хүрээнд энэ оны наймдугаар сард дэлхийн алдарт теннисчин Майкл Брайан, Боб Брайан нар Монголын говиор аялах болов. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, түүх, соёл, урлаг, өв уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.