Улс хоорондын тээвэрлэлтийн асуудлаарх төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-11 07:50:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс хоорондын тээвэрлэлтийн асуудлаарх төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.


Тус уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГЕГ, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хилийн боомтын үндэсний зөвлөл зэрэг төрийн байгууллагууд, “МИАТ” ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон хувийн хэвшлийн 17 компанийн төлөөлөгч оролцов.


Зөвлөлдөх уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсын төмөр зам, иргэний нисэх, автотээврийн салбарын тээвэрлэлтэд үүсч болзошгүй эрсдэл, сорилтууд, тэдгээрийг даван туулах төлөвлөгөө, гарц, шийдэл, тээврийн шинэ коридор нээн хөгжүүлэх хувилбаруудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.


Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд найдвартай хүргэх, стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийг шуурхай татан авахад тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэж, нийлүүлэлтийн найдвартай сүлжээг хангахад төр, хувийн хэвшлийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.

Связанные новости