АНУ-д нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг сунгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д амны хаалт заавал зүүх журмыг цуцалж байгаа
ч америкчууд нисэх онгоц, нисэх буудал, автобус, галт тэрэг, дамжин өнгөрөх
тээвэрт дахин нэг сарын турш амны хаалт зүүх шаардлагатай болох төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Жо
Байдены засаг захиргаа гуравдугаар сарын 18 хүртэл мөрдөх энэхүү журмын
хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 18 хүртэл сунгах шийдвэрээ удахгүй танилцуулахаар
төлөвлөж байгаа ажээ. Саяхан АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх
төв холбогдох зөвлөмжийг гаргасан юм.
Аливаа дүрэм
журмыг цуцлах шийдвэрийг “COVID-19”-ийн өвчлөл, шинэ хувилбарын эрсдэл, улсыг хамарсан тоон мэдээлэл, шинжлэх
ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан гаргана гэж Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтэн “The Hill” сонинд мэдээлжээ.
Одоогийн байдлаар америкчуудын 90 гаруй хувь нь “COVID-19”-ийн өвчлөл бага болон дунд түвшний бүс нутагт амьдарч байгаа тул битүү орчинд амны хаалт зүүх шаардлагагүй болоод байгаа юм.
Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валеньски кинотеатр, спортын
байгууламжид амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөх ч нийтийн тээврийн хэрэгсэлд үргэлжлүүлэн
зүүхийг зөвлөх талаар хэлэхдээ, “Бид шинжлэх ухааны судалгаануудаас гадна аялал
жуулчлалын коридорт тулгарч болзошгүй эрсдэлийг харгалзан үзэх хэрэгтэй”
гэдгийг тодотгожээ.