Сагсан бөмбөгчид харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг даваа гарагт хүлээн авч уулзан санал солилцож, зөвлөгөө өгөв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Сагсан бөмбөгийн холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов. Сүүлийн найман жил хоорондоо ойлголцоогүйгээс олон улсын тэмцээнд оролцож чадаагүй алдаандаа дүгнэлт хийхийг онцлон санууллаа. Талцсан, хуваагдмал байдлаа арилгахын тулд холбоод нэгдэх ёстой. Ингэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой гэсэн байр суурьтай байгаа” гэдгээ хэлэв.
Мөн “Тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгохыг зөвлөв. Харин үүнд улс төр орох ёсгүй. Холбоод, дасгалжуулагчид, тамирчид, спортын хорхойтнуудын оролцоотой шийдэгдэх ёстойг анхаарууллаа. Талцал, хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн төрийн тэргүүний хувьд шинэ холбоог бүх талаар дэмжиж ажиллана” гэв.
Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан
бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах
холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо.
Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа
хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан
ойлголцож ажиллахаа илэрхийлсэн байна.