ЕХ охидыг сургуульд хамруулахыг “Талибан”-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-03-29 12:41:27

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо Афганистаны “Талибан” хөдөлгөөнд охидыг дунд сургуульд нэн даруй хамруулахыг даваа гарагт уриалжээ.


Тус холбооны нэрийн өмнөөс гаргасан тунхаглалд ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель нэг сая гаруй охины дунд боловсрол эзэмших боломжийг хязгаарласан шийдвэрийг зэмлэн буруушаасан байна.


“Ийм тэгш бус үйлдлийг шашин, нийгмийн ямар ч шалтгаан зөвтгөх боломжгүй” гэдгийг Ж.Боррель цохон тэмдэглээд, уг шийдвэрийг “бүх хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхийг илт зөрчиж байгаа үйлдэл” хэмээн тодорхойлжээ. 


Улмаар энэ нь “Талибан” өгсөн амлалтаасаа няцаж байгааг харуулахаас гадна тэдний “дотоодын хууль ёсны эрхийг олж авах боломж”, “олон улсын түншүүдийн итгэл найдвар”-ыг ганхуулж байгааг сануулсан байна.


Тэрбээр мөн ЕХ-ноос Афганистанд үзүүлж буй тусламж нь эмэгтэйчүүдийн эрхийг хангах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чиглэгдсэн бөгөөд одоогийн “шийдвэрийг яаралтай цуцлахгүй бол өргөн хүрээтэй үр дагавар учирна” гэдгийг анхааруулжээ.


Охидын боловсрол нь эмэгтэйчүүдийг Афганистаны нийгэмд бүрэн дүүрэн, эрх тэгш, утга учиртай оролцуулахад чухал ач холбогдолтой болохыг тэрбээр мөн тодотгожээ.


Өнгөрсөн лхагва гарагт Афганистаны сургуулиуд долоон сар орчмын дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч зургаагаас дээш ангийн эмэгтэй сурагчдад гэртээ байх шаардлага тавьсан байна. 

Связанные новости