Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо чухал гэдгийг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-02 19:07:51
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Lead Khentii” клубээс долоо хоногийн турш зохион байгуулсан “Өглөөний хүн-4” хөтөлбөрийн хаалтын өдөрлөг өнөөдөр боллоо.
Хэнтий аймгийн манлайлагч оюутан залуусыг эгнээндээ нэгтгэж, тэднээр дамжуулан нийгэмд зөв үлгэр дуурайлыг үзүүлэх, залуусын манлайллыг бий болгох зорилготой тус клубийн зүгээс “Өглөөний хүн” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан юм.
Хаалтын өдөрлөгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн зөвлөх Б.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын зөвлөх Б.Наранбат нар оролцож, “Өглөөний хүн” хөтөлбөрт амжилттай оролцсон залуустай хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
“Өглөөний хүн-4” хөтөлбөрөөр, нийгмийн үлгэр дуурайлал болсон зочидтой уулзах, явган алхах, урлаг спорт гэх мэтчилэн өдөр бүр давтагдахгүй онцлогтой үйл ажиллагааг 7 хоногийн турш зөвхөн өглөө эрт /06:00-08:00/ зохион байгуулж, залуусыг амьдралын идэвхтэй хэмнэлд уриалсан бөгөөд анх 100 гаруй залуус бүртгүүлснээс өнөөдөр 17 оролцогч шалгарч “Өглөөний хүн” байж чадлаа гэдгийг “Lead Khentii” клубийн гүйцэтгэх тэргүүн Б.Түмэнбаяр мэдээллээ.
Хөтөлбөрт хамрагдсан клубийн гишүүд өглөөдөө 05:00 цаг өнгөрөөд босон хэвшиж, шинэ өдрөө төлөвлөх болсон, олон шинэ мэдлэг, дадал хуримтлууллаа гэдгийг хэлж байв.
Оюутан залуучуудаас хувь хүний карьертай холбогдсон асуултуудаас эхлэн УИХ-ын гишүүдийн ажлын алба хэрхэн ажилладаг, залуусын нийгмийн оролцоо, улс, аймгийн хөгжилтэй холбоотой асуулт, санал хүсэлт гарч уулзалт өглөөний 06:00 цагаас гурван цаг үргэлжилсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн Зөвлөхүүд нутгийн хөгжилд оюутан, залуучуудын оролцоог чухалчилж, олон нийтийн ажилд клубийн оюутан залуучуудтай хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Мөн хөтөлбөрт амжилттай хамрагдсан гишүүддээ "Lead Khentii" клубийн зүгээс сертификат олгов.
Связанные новости