Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн логоны уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-06 10:29:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан бэлгэдэл лого бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчид, хувь хүмүүсийн дунд нээлттэй зарлаж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн түүх, үнэт зүйл, өв соёлын онцлогийг тусгасан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой, өнгөний зохицол, утга агуулга бүхий уран сайхны шийдэлтэй бүтээл байх юм.
Бүтээлд тавигдах шаардлагаас дурдвал,
• Дүрслэл, агуулга санаа нь бүх насныханд ойлгомжтой энгийн байх;
• Түүхэн утга агуулгыг орчин цагийн хэв маягаар дүрслэн гаргасан байх
• Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
• График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
• Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
• Логог дагалдан брэнд бүүкийг хавсаргасан байх.
• Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
• Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болно
Брэнд бүүк нь лого, тэмдэг, самбар, бөх, сур, морины медаль өргөмжлөл, дурсгалын зүйлс, /урилга, хуанли, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор/ гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглахад зохимжтой байх шаардлагатай аж.
Материалыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын infoazdtg@khentii.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалтыг бүтээл хүлээн авах хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан тодруулж, аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд шагналын сан хоёр сая төгрөг.
Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Хэнтий аймгийн ЗДТГ эзэмших аж.
Связанные новости