Хөл бөмбөгийн шударга байдал, хүүхэд хамгааллын аппликэйшн ашиглаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-25 15:15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл бөмбөгийн спортод мөрий тавих, тоглолт наймаалцах, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх болон хориглох замаар хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах журам /2021.11.09/ баталсан.


Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ-ны/ Зөвлөлийн хурлаас гаргасан уг журмын хүрээнд МХБХ-ны Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах болон хүүхэд хамгааллын гар утасны аппликэйшн ашиглахад бэлэн боллоо.


Хөл бөмбөгтэй хамаарал бүхий оролцогч талууд нь уг сөрөг үйл ажиллагаанаас ангид байх бөгөөд үүнтэй холбоотой зөрчлийг мэдсэн, тулгарсан тохиолдолд МХБХ-ны Шударга байдлыг хамгаалах ажилтан /Integrity Officer/-д мэдэгдэж, мэдээлэл өгөн хамтран ажиллахыг уриалсан төдийгүй талуудын үүрэг болгон журамласан.


Зөрчлийн талаар таны мэдээллийг Integrity@the-mff.mn мэйл хаягаар тогтмол хүлээн авч байна. Мөн түүнчлэн та IOS болон Android үйлдлийн аль ч системээс “MFF Integrity” хэмээн хайлт хийж өөрийн гар утсан дээр аппликэйшнийг татан авах боломжтой боллоо.


Тус аппликэйшн танд ямар хэрэгтэй болохыг танилцуулж байна.


1. Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалахтай холбоотой МХБХ-ны дүрэм, журам, холбогдох зүйл заалттай танилцах


2. Аппликэйшнээр зөрчлийн талаар мэдээллийг МХБХ-ны шударга байдлыг хамгаалах ажилтан /Integrity officer/-д өгч, шударга бус үйл ажиллагааны эсрэг МХБХ, ЦЕГ-тай хамтран ажиллах


Мөн та уг аппликейшнаас “Хүүхэд хамгаалал” цэсийг сонгож, МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаатай танилцах боломжтой.


Хөлбөмбөгт оролцогч хүүхэд багачууд тэдний эцэг эх, багш дасгалжуулагч, клубийн үүрэг хариуцлагын талаар мэдээлэл авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болно.


Хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх үүрэгтэй байх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг хэрхэн таних, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл бөмбөгийн орчинд хүүхэдтэй ажилладаг хэн бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.


Мөн энэхүү аппликейшнаар дамжуулан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг мэдээлэх холбоосуудыг оруулж өгсөн тул Монгол хэлээр бэлтгэн гаргасан уг аппликейшнаа татаж авч хэрэглэхийг МХБХ-ноос мэдээллээ.





Связанные новости