МҮОХ-ны нэрэмжит “Спорт бүхний төлөө” явган аялал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-03 15:02:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спорт аяллын холбооны 30 жилийн ой 2023 онд тохиож байгаа бөгөөд тус холбооноос түүхт ойгоо угтан бүтээлч ажлын нэг жилийн аян зарлаад байна.


Энэ оны 6 дугаар сарын 1-нээс 2023 оны 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аяны эхлэл болгож МҮОХ-ны нэрэмжит “Спорт бүхний төлөө” сэдэвт буяны гороо, явган аялал өнөөдөр гараагаа эхлүүллээ.


Аялалд Улаанбаатар болон Дархан хотын ахмад аялагчдаас бүрдсан 80 гаруй хүн хамрагдаж байна. Ахмад аялагчид 100 км зам туулан 4 өдрийн турш аялах юм.


Монголын спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияндорж: “Нэг алхам маанийн нэг эрхи гэж үздэг. Аль болох олон алхвал төдий чинээгээр буян хийж байна гэдэг санаагаар энэхүү аяллыг зохион байгуулж байгаа аж. Хүмүүсийн итгэл, сүсэг бишрэлийг спорттой холбож байгаа гэдгээрээ онцлогтой юм. Аялал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад хүрээд буцаж ирэх маршруттай. Ээж хаданд очоод байгаль орчноо цэвэрлэнэ, уул хадандаа зан үйлийн ёслол хийх зэргээр хангай дэлхийдээ ээлтэй байдлаар аялах болно” хэмээн ярилаа.



Связанные новости