ОУОХ-ны гишүүн Рю Сён Мин МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-03 16:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаагаа ирж буй ОУОХ-ны гишүүн, БНСУ-ын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, “Афин-2004” олимпын аварга Рю Сён Мин өнөөдөр МҮОХ-нд зочиллоо.


Түүнийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүлэв.


Ноён Рю Монголын залуу тамирчдын бэлтгэлийг хараад өндөр сэтгэгдэл төрснөө хэлж, манай оронд ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд олон зүйл дээр хамтран ажиллах болно. Мөн МҮОХ-той олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа хэллээ.


ОУОХ-ны гишүүнтэй болсон нь Монголын спорт, олимпизмын хөгжилд ихээхэн чухал болохыг тэрбээр онцолсон. Тэрбээр “МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны залуу гишүүдийн нэг. Тэр ч утгаараа маш идэвхтэй ажиллаж, шинэлэг санаануудыг гаргадаг. Танай улс ОУОХ-ны гишүүнтэй болсноор спорт, олимпизм хөгжих том боломж бүрдэнэ” хэмээсэн юм.


Хоёр тал уулзалтын үеэр Монголд олон улсын тэмцээн зохион байгуулах, спортын бэлтгэл сургуулилтын хамтарсан төв байгуулах боломжуудын талаар санал солилцов.


Азийн олимпын зөвлөлөөс БНСУ-д Азийн олимпын академийг байгуулах санамж бичиг байгуулаад буй. Хэрэв тус академи байгуулагдвал Монголын үндэсний олимпын академитай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг ОУОХ-ны гишүүн Рю Сён Мин хэлсэн юм.





Связанные новости