Чөлөөт бөхийн тамирчид Казахстанаас 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алмата хотноо Болат Турлыхановын нэрэмжит чөлөөт бөхийн дэлхийн чансааг олгох тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцсноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай эх орондоо ирж байна.
Тус тэмцээний
сүүлийн өдөр "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт
хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг жинд алтан медаль хүртэж, Монгол
Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр
Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас
шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг
5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг
9:1-ээр тус тус ялж аваргалсан юм. Т.Тулгын хувьд 65 кг-д дэлхийн чансааны аман
хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой
болж байна.
Мөн
энэ өдөр 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны
тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж 74 кг-д мөнгөн медаль хүртэв. Шөвгийн
наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн
АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд
шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт
Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.
Болат
Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий
хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн
Лхагвагэрэл 125 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд Азийн
аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан ч
хагас шигшээд "Токио-2020" олимпын хүрэл медальт, Ослогийн дэлхийн
аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх
барилдаанд 2021 оны Азийн аварга Олег
Болтинийг 2:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. Лхагваа өнгөрсөн жил Ослод
дэлхийн медальтан болохдоо түүнийг ялсан бөгөөд энэ удаа нутагт нь дахин ялав.
Түүний хувьд хилийн чанадад болсон сүүлийн 3 тэмцээнд дараалан медаль хүртээд
байна. Стамбул, Москвад үзүүрлэсэн.
"Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматагаас багийн 2 дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр эзэн орны Айша Улишан, Азербайжаны Лейла Гурбанова, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимова зэрэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялав.
Түүний
хувьд 2022 он гарснаас 4 дэх тэмцээндээ дараалан аваргалж байна. Б.Болортуяа
нэгдүгээр сард Красноярскт Иван Ярыгины ОУТ, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн
ОУТ, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т тус тус
түрүүлээд байгаа юм.
Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэв.
Тэрбээр 1/4
шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул
Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина
Иммаеваг цэвэр ялж аварга боллоо.
Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубын тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. Уг жинд манай 2 бүсгүй финалдах бүрэн боломжтой байсан ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлдсэн юм.
Болат
Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээний эхний
өдөр 68 кг-д 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ
Зоригтын Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт,
“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг
мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы
Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.