Улаанбаатарт болох “Азийн цом”-ын III шатанд өрсөлдөх  Палестины шигшээ баг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-06 11:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Талын хөх чононууд” тивийн хэмжээний тэмцээнд урьд өмнө байгаагүй амжилт үзүүлж Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны Азийн цомын тэмцээний эрхийн төлөөх эцсийн шатны В хэсгийн тоглолтод өрсөлдөнө.


Энэхүү B хэсгийн тоглолтын салхийг хагалж Монголын шигшээ баг ирэх лхагва гарагт Палестины шигшээ багтай өрсөлдөх юм. Монголтой нэг хэсэгт учраа таарсан Палестин, Филиппин, Йемены багууд хүчтэй, тэмцээний чанар чансаа өндөр ч Монголын шигшээ баг тамирчид нутагтаа дахин нэг удаа гайхамшиг бүтээхийн төлөө бүх ур чадвар, хүчээ дайчлах нь гарцаагүй.



“Азийн цом”-ын шигшээ шатанд шалгарахын төлөө ширүүн тулаан хийх эхний баг бол “В” хэсгийг толгойлж буй Палестиний шигшээ баг одоогоор дэлхийн чансааны 100-д бичигддэг. 


Палестиний шигшээ багийн хамгийн том амжилт гэвэл 2014 онд “AFC Challenge Cup” тэмцээнд түрүүлж байв. Энэхүү цомоо өргөхдөө Филиппиний шигшээ багийг 1:0-ээр хожиж байжээ. Палестин, Филиппиний шигшээ багууд 6 дугаар сарын 14-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөх хуваарьтай байгаа.


Палестинчууд Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтдоо хүчирхэг Узбекистаныг талбайдаа 2:0-ээр хожиж эхлүүлсэн ч эцсийн дүнд 10 оноо цуглуулж, Саудын Араб, Узбекистаны шигшээ багуудын ард бичигджээ.


Шигшээ багийн онцлох тоглогчоор Португалийн дээд лигт тоглодог Одай Даббаг зүй ёсоор нэрлэж болно. Тэрбээр 2021 оноос эхлэн Португалийн дээд лигийн “F.C Arouca” клубын эгнээнд нэгдсэн. Өдгөө 23 настай довтлогч Одай Дабба өнгөрсөн улиралд 17 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны нэг нь Криштиану Роналдугийн төрөлх баг “Спортинг” клубын хаалганд бүртгүүлсэн гоол байв.


Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Палестиний шигшээ багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 8-ны 17.00 цагт тоглоно. 



Связанные новости