Даншиг наадмын Их насанд Х.Энхтайваны халзан морь хурдаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГӨнөөдөр болсон "Даншиг наадам-Хүрээ цам"-д их насны морьдын уралдааны түрүү магнайд өнгөрсөн жил аман хүзүүнд давхисан, Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны уясан халзан морь тэргүүн манлайд давхиж наадамчин олныг баясгалаа.
Энэ жил "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насанд 160 морь шандас сорин уралдсан бөгөөд аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн уясан хээр морь хурдаллаа.
Харин айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр морь хурдалсан бол айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Тарвилан хийдийн хамба лам Г.Ариунболдын хээр морь хурдаллаа. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач П.Цэвэгнямын морь давхин ирж түмэн олноо баясууллаа.
Д.Өлзий