"Оюутан цэрэг"-үүд энэ сарын 12-нд тангараг өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБХЯ-наас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан 1000 залуус энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөнө.
Тангараг өргөх ёслолд БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.
Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуусыг тэнцүүлсэн юм. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. Ингэхдээ төвийн бүсийн 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвд, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.
Ч.Ариунболд