НААДАМ-2022: Хязаалангийн түрүүг Д.Одхүүгийн зээрд үрээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-10 11:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, өнөө өглөө 417 хурдан хүлэг бүртгүүлснээс 306 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм.



Үүнээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр хязаалан түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорины сумын уяач Х.Гарьдмагнайн хээр үрээ аман хүзүү, гуравт, Сэлэнгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ орлоо. Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Т.Гантөмөрийн зээрд үрээ, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын П.Түмэндэлгэрийн хээр үрээ орж ирлээ. Түрүүд ирсэн хээр хязаалан нь өмнө нь төрийн наадмын түрүү авч байжээ. Харин айрагдсан хээр үрээ Дорнодын унаган адуу, урьд нь өмнө нь уралдаж байгаагүй битүү үрээ аж. 


Нэмэлт мэдээлэл: Хурдан морины салбар хорооноос өнөөдөр уралдсан хязаалан насны морьдын уралдааны дүнгийн талаар мэдээлж, эцэслэн танилцууллаа. Хязаалан морьдын уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ хурдалжээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдалж, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орсныг мэдээллээ.

  • Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд,
  • Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь орж иржээ.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмээр уралдаанд хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүүлсэн морьд тооцдог. Морьдын хошуу зэрэгцэн орж ирсэн тохиолдолд зөв талыг нь сонгодог. Өнөөдрийн хязаалан морьдын түрүүг хоёр уяачид дүрмийг танилцуулж, бичлэг, зургийг нь үзүүлэн шийдвэр гарсан. Үүнд ямар нэг маргаан байхгүй гэдгийг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.


Связанные новости