Сурын харваанд Дундговь аймгаас 20 харваач оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөө өглөө үндэсний их харвааны хана харваа болж, харваачид 16 сум тавьж харвалаа.
Үдээс хойш хасаа харваа явж байна. Үндэсний сурын харваанд энэ жил нийт 200 эмэгтэй харваач оролцон цэц, мэргэнээ сорьж байна. Улсын наадамд 5 түрүүлсэн, Улсын дархан мэргэн Д.Бор-Охин, Н.Оюунчимэг зэрэг алдартай харваачид, Улсын зэрэгтэй бүх эмэгтэй харваач энэ жилийн Улсын их баяр наадмын сурын харваанд оролцож байна. Тэдний нэг Дундговь аймгийн мэргэн С.Алимаатай уулзлаа. Тус аймгаас сурын харваанд нийт 20 харваач иржээ.
С.Алимаа, “Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харваач. Баяр наадамдаа үндэсний их сурын харваанд 5 дахьж жилдээ оролцож байна” гэв. Тэрээр, энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн давхцан тэмдэглэж буй учир баяр наадмын тэмцээнд их ач холбогдол өгөн бэлтгэлээ сайн хангасан гэсэн юм. Улсын баяр наадмын сурын харваанд оролцож буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, нийт монгол түмэндээ, дундговьчууддаа баяр наадмын мэнд хүргэн дэлгэр сайхан наадаарай хэмээн ерөөлөө.
Эртнээс уламжлалтай сур
харваа нь олон зууны туршид зөвхөн эрчүүдийн тэнхээ чадал, овун ухаан, цэц
мэргэний наадам байсаар ирсэн үаншилтай. Харин 1950-иад оны үеэс бүсгүйчүүл
сурын харваанд уянгалаг хоолойгоор уухайн түрлэг нэмж, хурц хараа, онч мэргэн
харваагаар Улсын баяр наадамд алдар нэрээ дуурсгаж эхэлжээ.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ