Дархан аваргууд зодоглосон 1024 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-11 19:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд Дархан аваргууд манлайлан улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой хүчит бөхчүүд тэргүүлсэн хүчит 1024 бөх зодоглож байна.


Хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ зодоглож нэгийн даваанд залуу бөх Х.Шаарийбууг хаяж нэг давсан.


Түүхт ойн баяр наадамд гурван Дархан аварга зодоглохоор бүртгүүлсэн ч Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Дархан аварга Агваансамдангийн Сүхбат барилдсангүй. Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Гэлэгжамцын Өсөхбаяр баяр наадамдаа зодоглож бөхөд хайртай монгол зон олноо баярлуулж байна.


Үндэсний баяр наадмын 1024 бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Лхагвасүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, улсын харцага Г.Элбэг, Г.Батбаяр нар өвдөг шороодлоо. Д.Бумбаяр заан болон залуу бөх Ө.Өсөхбаяр нарын барилдаанд будилаан гарч, засуулын буруутай үйлдлийн улмаас Д.Бумбаяр давсан аж. Гэвч энэхүү байдлыг засч залруулан залуу бөх Ө.Өсөхбаярт давааг нь өгч, тус барилдааны засуулаар ажилласан хоёр залууг засуулаас хасав.


Нэгийн даваанд Тува бөх Оюун Айдын улсын начин Г.Батбаярыг, Монгуш Сылдыс улсын начин Р.Даваадалайг, Монгуш Айдомер улсын начин С.Эрхэмбаярыг, Сайын Белек улсын начин Л.Цэвээнийг, залуу бөх, жүдогийн шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана улсын начин Р.Цоггэрэлийг, Тува бөх, сумын заан Карасал Цэдэн-Очир улсын начин Д.Батбаярыг тус тус давлаа.


Цагаан сарын барилдаанд түрүүлж улсын цолонд ойрхон гэгдэж байсан аймгийн заан Э.Мөнхжаргал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат аймгийн начин С.Пүрэв-Очирт унав. Мөн жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нэгийн даваанд сумын заан Б.Бат-Эрдэнэтэй барилдаж, өвдөг шороодлоо.

Связанные новости