Гурвын даваанд улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын Бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Энэ даваанд, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийнхөө Их баяр наадамд 58 насандаа зүүн жигүүрийг тэргүүлж цолоо дуудуулан хүчит бөхчүүдээ манлайлан барилдав.
Гурвын даваанд Дархан
аварга Г.Өсөхбаяр баруун жигүүрийг манлайлсан бөгөөд Дархан аваргуудын араас
аваргууд цолоо дуудуулан Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээндээ дэвэн дэвсээр
гарснаар улсын наадамдаа 2 давсан 256 бөхийн барилдаан эхэллээ.
Энэ даваанд Дархан аварга
Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан Д.Алтанцоожид, Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан
Ц.Цог-Эрдэнэд тус тус ойчлоо.
Харин Даян аварга Н.Батсуурь аймгийн харцага Э.Цэнд-Очирыг, Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан С.Шийрэвмөнхийг,
Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн начин Б.Эрдэнэбуяныг, Улсын аварга С.Мөнхбат,
сумын заан У.Мөнхтулгыг тус тус хаяж 3 даваатай болов.
Харин улсын арслан Э.Оюунболд, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат бөх, аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодлоо.