ОРХОН: Орон нутгийн ЖДҮ эрхлэгчид “Эрдэнэт” ШУТП-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-14 09:24:36
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй /GIZ/ хамтран ажилладаг аймаг нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн төлөөллүүд Орхон аймагт ажиллалаа.

Ажлын  зорилго нь Улаанбаатар, Ховд, Булган, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид GIZ прогресс төслийн хүрээнд Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлийн бизнес хөгжлийн төвтэй танилцах, харилцан туршлага солилцох юм.  

Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын  захирагч С.Батжаргал оролцож туршлага солилцож, мэдлэг мэдээллээ хуваалцаж яваа аяллын багт амжилт хүслээ.

“Эрдэнэт” ШУТП нь анх байгуулагдахдаа орон нутгийн захиалгатай ТЭЗҮ судалгаа хийж, түүний орлогоос аж ахуй байгуулж, ААН-ийн орлогоос ирээдүйд тасралтгүй явуулах санхүүгийн нөөцөө босгох зарчмаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эхний 4 жилийн хугацаанд 3 ААН байгуулсан бөгөөд мэдлэг, инновац, технологийн туршлага хуримтлуулсан нь гол онцлог байсан гэдгийг “Эрдэнэт”ШУТП-ийн захирал Г.Энхбаяр хэлж байна. 

2017 онд байгуулагдсан тус парк нь  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй Орхон аймгийг төлөөлж 2021-2023 онд хамтран ажиллах үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. 

Төслийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 зөвлөх компани, 2 зөвлөх багшийн бүрэлдэхүүнтэй үндэсний зөвлөх багтай хамтран 71 удаагийн сургалт, зөвлөх үйлчилгээгээр давхардсан тоогоор 169 ААН-ийн 752 бизнес эрхлэгчдийг чадавхжуулжээ.

2021 онд бичил, жижиг дунд үйлдвэрлэл,  гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 6 дэд төслийн хүрээнд 28 ААН-д 300 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлээд байгаа юм. Түүнчлэн Орхон аймгийн хоршоод, аялал жуулчлал, оёдолчдыг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ. 

 

Связанные новости