ОРХОН: Орон нутгийн өмчид бүртгэлтэй долоон барилгыг дахин төлөвлөлтөд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-16 16:30:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн багийн байр, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинээр барьж ашиглалтад оруулсан. 

Тиймээс хуучин ашиглаж байсан орон нутгийн өмчит бүртгэлтэй барилгыг цаашид хэрхэн ашиглах тухай асуудал үүссэн. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтарсан ажлын баг байгуулж, долоон барилгыг дахин төлөвлөлтөд оруулах, хоёр барилгыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 

Тодруулбал, Нийцэл, Мөнхсүндрэл, Энхжихмандариваа, Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Ихалуу багийн конторын барилга, Малчин багийн байр, Халуун усны барилга, Нарийн боовны цехийн барилга, Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн барилгыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах боломжтой гэж үзэн холбогдох тооцоо судалгааг гаргажээ. 

Мөн Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн хуучин барилга, Говил багийн хуучин барилгыг дуудлага худалдаанд оруулж зохих ханшаар худалдан борлуулах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. 

Түүнчлэн төрийн найман байгууллагын ашиглаж байсан 24 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дээрх гурван саналыг дэмжиж эцэслэн баталлаа.

Связанные новости