Францын хувьсгал өрнөсөн замаар олимпын марафон гүйлтийн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-06 10:50:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Парис-2024” олимпын наадмын зохион байгуулагчдаас тус олимпын марафон гүйлтийн замын маршрутыг баталсан талаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос мэдээллээ.

 

Тодруулбал, 1789 оны 10 дугаар сарын 5-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн бослого тэмцлийг хүндэтгэн дурсах үүднээс жагсаалын цуваа явж өнгөрсөн газруудаар маршрутыг баталжээ.

 

Тухайн үед талхны өндөр үнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал Сена мөрний эрэг дэх хотын захиргааны байрнаас эхэлж, Версалийн талбай хүртэл үргэлжилсэн юм.

 

Марафоны тамирчид энэ зам дагуу гүйхдээ Тюильерийн цэцэрлэг /Tuileries Garden/, Луврын музей, Grand Palais ордон, Эйфелийн цамхаг зэрэг Парис хотын түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудаар өнгөрөх болно.

 

Энэхүү зам нь өгсүүр хэсэг ихтэй тул олимпын дээд амжилт эвдэгдэх магадлал бага гэдгийг зохион байгуулагчид сануулж байна. Уралдааны замын хамгийн өгсүүр хэсэг 13.5 градусын налуу бөгөөд замын хамгийн өндөр хэсэг далайн түвшнээс дээш 183 метр, хамгийн нам дор хэсэг нь 27 метр байх аж.


 

Ерөнхийдөө өгсүүр, уруу ихтэй зам болохоор гүйгчдээс багагүй тэвчээр шаардах болно гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге сануулав. 1789 онд эмэгтэйчүүдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ Францын хувьсгалыг эхлүүлж, үүний үр дүнд Франц улс орчин үеийн засаглалын хэлбэрээ олоход нөлөөлсөн гэж үздэг.

 

Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэх үүднээс эмэгтэйчүүдийн марафон гүйлтийг наадмын сүүлийн өдөр буюу 2024 оны наймдугаар сарын 11-нд явуулахаар төлөвлөжээ.


Тюильерийн цэцэрлэг



Связанные новости