Өнөөдөр О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар дэлхийн дэвжээнд хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэлд үргэлжилж байгаа жүдо бөхийн “Ташкент-2022” ДАШТ-ий 7 дахь өдрийн барилдаанд эрэгтэй /36 бөх/, эмэгтэй /29 бөх/ хамгийн хүнд жингийн жүдочид хүч, ур чадвараа сорин барилдаж шилдгүүдээ шалгаруулна.
Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн +100 кг-д “Парис-2022”,
“Абу Даби-2021” Их дуулгын аварга 22 настай, ОУХМ О.Цэцэнцэнгэл хүчээ сорино. Түүний
эхний учраа нас чацуу Шинэ Зеланд
улсын жүдоч Андрюс Коди юм.
Эмэгтэйчүүдийн +78 кг жинд Монголын багийн 22 настай залуу тамирчин ОУХМ А.Адъяасүрэн хүчээ сорих бөгөөд түүний эхний учраа Литвийн жүдоч 30 настай Сандра Жаблонскэйте юм байна.
Ташрамд дуулгахад, Монголын шигшээ
баг өнөөдрийн 10 цагийн байдлаар Япон /5 алт, 3 мөнгө, 2 хүрэл/, Бразил /2 алт,
1 хүрэл/, Узбекистан /2 алт/ улсын шигшээ багуудын ард 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай
4 дүгээр байрт яваа бол Хорват улсын шигшээ 1 алт, 1 мөнгөн медальтай 5 дугаар
байрт бичигдэж байна.
“Ташкент-2022” ДАШТ-ий 8 дахь өдөр /2022.10.13/ холимог багийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилнэ.