КАТАР-2022: Хөлбөмбөгийн ДАШТ руу дэлхий "ширтэх" өдрүүд эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдээс “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсад очиж сурвалжилж байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэнд хүргэж байна.
Гуравхан сая хүнтэй ч
хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улс нь спортын ертөнцөд хэр зэрэг "булчирхайтай орон бэ?" гэдгийг бага ч болов танилцуулъя.
Олимпын наадамд бол бүүр
сүүлд буюу 1984 оноос эхлэн оролцсон бөгөөд Зуны олимпын наадмаас 8 /хоёр алт,
хоёр мөнгө, дөрвөн хүрэл/ медаль авсан бөгөөд үүнээс гурвыг нь Судан гаралт
өндөрт харайгч Мутаз Баршим хүртсэн ажээ.
Катар улсын тамирчид одоогоор
Өвлийн олимпын наадамд оролцож амжаагүй байгаа юм.
Газар нутаг, хүн ам багатай ч дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг эх орондоо удаа дараа зохион байгуулж байв. Тухайлбал, гандбол, хөнгөн атлетик, боксын ДАШТ, Азийн наадам, "Формула-1"-ийн гараа гэх мэт. Гандболоор дэлхийд үзүүрлэж, 3х3 сагсанбөмбөгөөр дэлхийн аварга болж байсан.
Харин хөлбөмбөгчид нь
хамгийн том амжилт гэвэл Ази тивийн аварга болсон юм байна. Хойд Америк бөгөөд
Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах "Gold Cup" тэмцээний
хүрэл медальтай. Дэлхийн аваргад анх удаагаа оролцож байгаа.
Ийм л түүхтэй, бие жижиг ч бэлчээр том Катар руу дэлхий дахинаараа ширтэж анхаарлаа хандуулж, тэнд тоглож буй хөлбөмбөгчид, шигшээ багийнхаа ард улс орон нь, ард түмэн нь, уул ус, гол мөрөн нь өндөлзөж, өмөлзөж нэгэн сар үргэлжлэн өнгөрөх цаг ирлээ.