ДАШТ-ий 3 хүрэл медальт Б.Шоовдорт гавьяат тамирчин цол хүртээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг, ДАШТ-ий 3 хүрэл медальт Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Тэрбээр Ховд аймгийн
Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч
Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч
Д.Батнямын шавь болсон байна.
Мөн “Хөх чоно”, “Ганьт”
клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт
харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болж байв.
Б.Шоовдор “Лас-Вегас-2015”
ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ.
Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил
дараалан хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван
Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга,
Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний
аварга билээ.
ОУХМ Б.Шоовдор Монголын чөлөөт
бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн 6 дахь тамирчин
/Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор/ юм.