Цахим баримтын системийн талаар гадныханд сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-09-01 12:07:58

Монгол Улсын Гааль, татварын мэдээлийн технологийн төв УТҮГ-ийн төлөөлөл БНСУ-ын гадаад худалдаа, хамтын ажиллагааны “KTNET” компанийн урилгаар Сөүл хотноо наймдугаар сарын 24-30-нд зочилж, Рванда улсын Орлогын газрын төлөөлөгчдөд Цахим баримтын системийг хэрэгжүүлсэн талаар сургалтыг зохион байгууллаа.

Рванда улс нь хөрш орнуудаас экспортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний дотоодын зах зээл дэх борлуулалтын мэдээллийг бүртгэх системийг нэвтрүүлэх эрмэлзэлтэй байгаа аж. Дээрх сургалтад оролцсон Рванда улсын төлөөлөл төдийгүй Солонгос улсын гадаад худалдаа, хамтын ажиллагааны “KTNET”компани, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ийн төлөөллүүд Монгол Улсын систем хэрэгжүүлсэн амжилтыг шагшин хүлээн авсан байна. Цахим баримтын системийг Монгол Улс 2016 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар нийт хүн амын 30 хувь, нийт өрхийн 70 хувьд хүрч, НӨАТ төлөгч байгууллагуудыг 96 хувийг хамруулсан амжилт нь олон улсад ч тэргүүлэх амжилт болсон байна.

Дашрамд дурдахад Рванда улс нь Зүүн Африкийн далайд гарцгүй улс бөгөөд нийслэл хот нь Кигали юм. Ерөнхийлөгчийн засаглалтай, 11.8 сая хүн амтай тус улс Бурунди, Уганда, Ардчилсан Конго, Танзани улсуудтай хил залгаа оршдог байна. 1994 оноос хойш эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг бөгөөд бусад улс орнууд Африк тивийн жишиг улс болно гэж зорьж, хамтын ажиллагааны чиглэлд дэмжлэг үзүүлж байгаа юм байна.

Н.Туяа

 

Связанные новости