Хадлан тэжээлийн бэлтгэл 36,3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймаг энэ жил 130800 тн байгалийн хадлан, 90 тн гар тэжээл, 500 тн үйлдвэрийн тэжээл, 510 тн ногоон тэжээл бэлтгэх даалгавартай байгаа аж. Одоогийн байдлаар гүйцэтгэлийн хувьд 47895 тн байгалийн хадлан, гар тэжээл 9,8 тн хадаж 36,3 хувьтай бэлтгэл ажил явж байна.
Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоол гарч үүнийг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс энэ оны 7 дугаар сарын 21-ны өдөр Аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар гарсны дагуу мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Сум болгон өөрийн аюулгүйн фондыг бүрдүүлж ажиллах ёстой бөгөөд 18 сум тус бүрдээ 100 тн өвсийг бэлтгэдэг байна. Өнгөрсөн жил Аймгийн Засаг даргын гамшгийн сангаас сумдуудад тус бүр 2 сая төгрөг, тосгон тус бүрд сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Энэ жилийн хувьд сумдууд уг сангаараа өвсөө бэлтгэх юм. Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх гүйцэтгэлийн хувьд 1800 тн өвс бэлтгэхээс 105 тн байгалийн хадлан бэлтгэжээ. Аймгийн Засаг даргийн буюу аймгийн аюулгүйн нөөцөнд 471 тн байгалийн хадлан бэлтгэхээс 143 тн бэлтгэж 30,3 хувьтай бэлтгэл ажил явж байгаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Хадлан тэжээлийн ажлыг 3705 хүн хүч, 1442 техник хэрэгсэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж.
Хэнтий аймаг О.Буянхишиг