Австрали “TikTok”-ийг төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд ашиглахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-05 11:06:51

КАНБЕРРА. /DW/. Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс “TikTok” аппликейшнийг засгийн газрын бүх төхөөрөмжид ашиглахыг хориглохоор болсноо мягмар гарагт мэдэгдлээ.


Ингэснээр Хятадын аппликейшний эсрэг хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй Барууны орнуудтай ижил шийдвэр гаргаж байна.


Австралийн Ерөнхий прокурор Марк Дрейфусын мэдэгдсэнээр, хоригийг “хэрэгжүүлэх боломжтой болмогц” батлах ажээ.


Хятадын 2017 оны мэдээллийн нууцлалын тухай хууль

“TikTok” нь “ByteDance” компанийн эзэмшдэг, Бээжинд төвтэй компани юм. Дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй уг аппликейшнд богино хэмжээний дүрс бичлэгүүдийг байршуулдаг.


Эхэндээ олон орны засгийн газрууд “TikTok”-ийг уламжлалт хэвлэлийн мэдээллийн сувгуудаар дамжуулан хүрэхэд хэцүү гэж үздэг залуу үеийнхэнтэй холбогдох үр өгөөжтэй хэрэгсэл гэж харж байлаа.


Гэвч уг аппликейшнийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж, Хятадын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй гэдгийг цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд удаа дараа анхааруулсаар иржээ.


Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Фергус Райаны хувьд төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд “TikTok”-ийг хориглохоор болсныг “энгийн, ойлгомжтой шийдвэр” гэж тодорхойлсон байна.


Хятадад 2017 онд хувийн мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалтай хамаатай бол улсад өгөхийг дотоодын компаниудад үүрэг болгосон хууль батлагджээ.


“TikTok”-ийн хэрэглэгчдийн мэдээлэл Хятадад нээлттэй байгаа нь олон жилийн турш тодорхой байсаар ирсэн гэж Ф.Райан “AFP” агентлаг ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Харин Бээжингийн засаг захиргаа ийм мэдээллийг эрс няцаасаар ирсэн юм.


Хятад улс “аливаа улс орны хууль тогтоомжийг зөрчин гадаадын улс орнуудад байгаа мэдээллийг цуглуулах, өгөхийг компани, хувь хүмүүсээс хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд хэзээ ч шаардахгүй” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сард мэдэгдсэн билээ.


“TikTok”-ийг хориглох орнуудын тоо нэмэгдсээр байна

Австрали уг аппликейшнийг хориглохоо мэдэгдсэнээрээ Франц, Бельги, Европын Комиссын эгнээнд нэгдэж байна.


Австралийг оруулснаар “Five Eyes” тагнуулын мэдээлэл солилцох сүлжээний бүх гишүүн буюу Австрали, Канад, АНУ, Их Британи, Шинэ Зеланд улсууд “TikTok”-ийг төрийн байгууллагын төхөөрөмжүүддээ ашиглахыг хориглоод байна.


2020 онд Энэтхэг улс “TikTok” болон Хятадын бусад аппликейшнийг хэрэглэхийг хориглосон анхны улс болсон юм.


“TikTok” сэтгэл дундуур байна

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе Дотоод хэргийн яамны судалгаа дууссаны дараа “TikTok”-ийг хориглохыг зөвшөөрсөн гэж Австралийн хэвлэлүүд мэдээлж байна.


Харин “TikTok”-ийн Австрали, Шинэ Зеланд дахь үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Ли Хантер компани хоригийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулаад сэтгэл дундуур байгааг уламжилжээ.


Тэрбээр Австралийн “The Age” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр, компанийн зүгээс “уг бодлогын талаар засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллах саналыг олон удаа тавьсан” хэмээн хэлсэн байна.


Мөн “TikTok” австраличуудад аюулгүй байдлын асуудалтай холбоотой эрсдэл учруулж байгаа гэх “ямар ч нотлох баримт байхгүй” бөгөөд “бусад нийгмийн сүлжээний платформуудаас ялгаатай хандах ёсгүй” гэдгийг Л.Хантер онцолжээ.

Связанные новости