Билл Гейтс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг түр зогсоох нь асуудлыг шийдэхгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-04-05 15:15:03

ЛОНДОН. /Reuters/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлтийг түр зогсоох нь хүн төрөлхтөнд учирч болох эрсдэлүүдийг шийдэж чадахгүй гэж үзэж байна. 


“Туршилтыг яг хэн, яагаад зогсоох ёстойг, дэлхийн бүх улс орон үүнд бэлэн байгаа эсэхийг би сайн ойлгохгүй байна.  Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд түр завсарлага авахыг хүсэх нь асуудлыг шийднэ гэж би бодохгүй байна" гэж тэрбээр хэлжээ. 


Хөгжүүлэлтийг түр зогсоохын оронд одоо байгаа хиймэл оюун ухааны шийдлүүдийн давуу талыг ашиглаж, ингэхдээ "эрсдэл учруулж болзошгүй талуудыг нь тодорхойлохыг" Б.Гейтс санал болгож байна.


“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск, “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк зэрэг хиймэл оюуны технологийн салбарын 1 000 гаруй мэргэжилтний гарын үсэг бүхий нээлттэй захидалд Б.Гейтс ийм тайлбар өгчээ.


Гуравдугаар сарын 29-нд нийтлэгдсэн уг захидалд судлаачид “GPT-4”-өөс илүү их хүчин чадалтай байх хиймэл оюун ухааны системийг сургахад дэлхий даяар зургаан сарын хугацаатай завсарлага авахыг уриалсан байна. "Хүний" үүрэг даалгаврыг гүйцэтгэх хиймэл оюун ухааныг хязгааргүй хөгжүүлэх нь хүн төрөлхтнийг эрсдэлд оруулж байна гэж захидалд дурджээ. 

Связанные новости