ХЭНТИЙ: Шилдэг сувилагчдыг тодруулж, 5-20 сая төгрөгийн байрны урьдчилгааг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-14 15:28:11

Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод Зүүн бүсийн сувилагч нарын уулзалт хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Монголын сувилагчдын нийгэмлэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албанаас хамтран зохион байгуулсан бөгөөд сувилагчдад тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дэлхийн топ арван мэргэжлийн дотор сувилагчийн мэргэжил багтдаг. Гэвч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сувилагч мэргэжил дутагдалтай, хүрэлцээ муу байгаа нь олон шалтгаантайг тэд онцолж байна. Тухайлбал цалин хангамж муу, нийгмийн баталгаа сул, ачаалал их, ажлын орчин нөхцөл хүнд байгаа нь энэ мэргэжлээс халшрах, шантрах, харь улсыг зорьж ажиллах сонирхол их болжээ.

Монголын сувилагчдын нийгэмлэг 2023-2024 оныг сувилагчдын эрхийг хамгаалах жил болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албатай хамтран 21 аймаг, есөн дүүргийн сувилагчидтай уулзалт хэлэлцүүлэг хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож байгаа нь энэ юм. Энэ удаад зүүн гурван аймгийн сувилагчдыг нэгтгэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн сувилагчдын эрх зүйн орчин, эрүүл мэнд ба сувилагч аяныг зохион байгуулав.

Орон нутагт сувилагчдыг урамшуулдаг, ажил мэргэжлээр нь уралдуулдаг, бодитоор дүгнэдэг ажлыг сүүлийн үед хийж байна. Тухайлбал, Дорнод аймаг “Би сувилагч” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдэг гурван сувилагчийг орон сууцны урьдчилгаагаар шагнажээ. Хэнтий аймагт энэ жилээс мөн ажил мэргэжлийн уралдаан зарлаж, оны төгсгөлд шилдэг гурван сувилагчид 5-20 сая төгрөгийн байрны урьдчилгааг олгохоор шийдвэрлэжээ. Мөн "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлж, 10 сувилагчийн сургалтын төлбөрийг орон нутгаас төлж сувилагчдыг бэлтгэж байна.

Эрүүл мэнд ба сувилагч” аяны хүрээнд Улаанбаатар хотоос хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж, зүүн гурван аймгийн сувилагч нарыг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрууллаа. Өрөөлийг асарч, өөрийгөө мартан ажилладаг эдгээр сувилагч нарын хувьд цаг үеэ олсон ажил болсныг тэд мөн онцолж байна. 

Связанные новости