ХЭНТИЙ: Политехник коллежийнхон өдөр өнжүүлэх төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-19 14:16:20
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг 2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Политехник коллежийн удирдлага, багш, сурагчид хамтран “Бүжин клуб” буюу өдөр өнжүүлэх төв байгуулж, энэ сарын 18-нд нээлтээ хийлээ.
Тодруулбал, тус байгууллага 75 багш ажилтан, 24 мэргэжлийн ангитай. Нийт багшийн санаачилгаар нэг өдрийн цалингийн хуримтлал үүсгэн тус төвийг тохижуулж, засал болон гар урлалын ангийн оюутнууд чимэглэл заслын ажлыг хийжээ. Хамгийн чухал ач холбогдолтой нь энэхүү клубийг зөвхөн хүүхдүүдийг тоглуулаад өнжөөх биш сургалтын хөтөлбөр гарган экологи, урлаг, гоо зүй, өв соёл, үндэсний бичиг, англи хэл зэргээр хичээл орох аж. Ингэснээр хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна коллеждоо “Цэцэрлэгийн туслах багш” мэргэжлийн анги нээх цаашдын зорилгоо бодит болгоход түлхэц болно хэмээн тус коллежийн удирдлагууд үзэж байна.
1984-1985 онд ТМС-ийн багш, ажилчдын хүүхдүүдийг урлаг, биеийн тамираар хичээллүүлье, багш ажилчдын дунд “Гүйгчдийн клуб” байгуулъя гэсэн санаачлагыг багш П.Аюуш гаргаж захирал асан Б.Амаржаргал хүлээн авч 40 жилийн тэртээ “Бүжин клуб” байгуулж байсан түүхтэй. Тухайн үедээ өглөө бүр 06.00 цагт бүрээ татаж, хүүхдүүд эртлэн босож салаан даргадаа бүртгүүлдэг байсан байна. Зураг, бүжиг, уран нугаралт, уран уншилт, спортын төрөл, хөгжим, дуу гээд бүхий л төрлөөр хүүхдүүдээ хөгжүүлж байсан бахархам сайхан түүхийг үргэлжлүүлж байгаа юм.
Тус төвийн нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, ГБХЗХГ-ын дарга Х.Уртнасан болон 1984 онд байгуулсан "Бүжин" клубийн төгсөгч, эцэг эхчүүд, бяцхан сурагчид оролцов.
Связанные новости