ХЭНТИЙ: Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг усалгааны системтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-25 08:26:20
Чингис /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Хэнтий аймагт уг төслийн хүрээнд Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг усалгааны системтэй болгох ажлыг хэрэгжүүлэхээр “Жинсийн орой” ХХК ажиллаж байна. Тус төслийн зохицуулагч болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзаж, төслийн явц болон тулгамдсан асуудлаа танилцууллаа. Барилгын ажлын гүйцэтгэл одоогоор 35 хувьтай байгаа бөгөөд услалтын системийг энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэсэн хэдий ч төлөвлөгдсөн талбайд таван иргэн, ААН-ийн эд хөрөнгө орсон байх магадлалтай байгаа талаар тойм зургийг танилцууллаа. Тиймээс Хэрлэн сум, Газрын албатай хамтран иргэд, ААН-ийн эд хөрөнгө орсон эсэх талаар координатыг тодорхой болгож, энэ долоо хоногт цахимаар эргэн хуралдахаар боллоо.
Связанные новости