ОРХОН: БОЭТ нь тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх гол төв болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-16 08:19:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын гурав дахь том хот Эрдэнэт хот, Орхон аймаг нь өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадамжаараа улсдаа эхний гуравт, зам харилцаа, дэд бүтэц, гадаад, дотоод харилцаа, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжээрээ сүүлийн арван жил тэргүүлж байна.


Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул зэрэг Төв, Хангайн бүсийн хүн амд үйлчилдэг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 430 гаруй төрлийн үйлчилгээг жилд 150 мянган иргэнд үзүүлж байна.


Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь сүүлийн үед хүнд амд зонхилон тохиолдож буй зүрх судас, тархины цус харвалт болон зүрхний шигдээс өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор ”Тархины цус харвалт, зүрхний шигдээс”-ний нэгжийг байгуулж судсан дотуурх мэс заслыг орон нутагтаа хөгжүүлж мэргэжлийн эмч, сувилагч, техникчдийг бэлтгэн дэвшилтэт технологийг ашиглаж эхлээд байна.


Үүнд, Siemens брэндийн ангиографийн аппаратыг 2021 онд суурилуулан өнөөдрийн байдлаар 330 хүнд мэс ажилбар хийжээ. Үүнээс Зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, Элэгний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ, Зүрхний баруун тосгуурт түннель гуурс суулгах, авах, Тархины судасны катетрт оношилгоо хийж байна.


Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь цаашид Төв, Хангайн бүсдээ тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх гол төв бааз нь болж эрүүл мэндийн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна. Иймд яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтнийг агаараар тээвэрлэх онгоцны буудал, олон улсын эмнэлгүүдтэй хамтран алсын зайн оношилгооны төв байгуулахаар зорьж байна.  

Связанные новости