"Хуба Хаяа" чацарганы ундаа органик бүтээгдэхүүний тоог нэгээр нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-12 20:38:57

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Чацарганы баяр" өнгөрсөн бямба гарагт Цонжин Болдогоос хойшоо 4 км-т байрлах "Хаан жимс" жуулчны баазад боллоо.

Энэ үеэр баярт оролцогсод гэр бүлээрээ чацаргана түүсний зэрэгцээ олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдаанд оролцож, бай шагналын эзэд болсон юм. Мөн "Хаан жимс" компанийн хамт олон баярынхаа хүрээнд "Хуба Хаяа" нэртэй шинэ бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд гаргаж байгаагаа танилцуулав.

Уг бүтээгдэхүүн нь эх орны хөрсөнд ургасан цэвэр чацаргана, түүний зөөлөн эдийн тосны найрлагатай, өөрөөр хэлбэл ямар нэг нэмэлт бодис ороогүй 100 хувь органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог аж. Энэхүү амин дэмийн ундааг хэрэглэснээр хоногт авах С витамины хэрэгцээг бүрэн хангах гэнэ. Хэрэглээний хувьд шингэрүүлж болон эсвэл шууд ууж болохоор савласан байна. Тогтмол ууж хэрэглэснээр хоол боловсруулах явцыг нэмэгдүүлэх, хүч тамиржуулж ядаргаа тайлах, дархлаа сайжруулах, өөхний хуримтлалыг багасгах, арьс, хумс, үсийг өнгөлөг болгох зэрэг ашиг тустайн зэрэгцээ антиоксидантаар баялаг тул залуужуулах үйлчилгээтэй болохыг тогтоожээ. 

Тус компани анх 16 жилийн өмнө монголынхоо хөрсөнд чацаргана тариалж эхэлсэн. Одоогийн байдлаар Увс, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар гэсэн гурван газарт хоёр төрлийн чацарганы сортыг тариалж буй. Энэ жилийн хувьд зуншлага сайтай байсан нь тариалалтад сайнаар нөлөөлсөн гэж жимсчид ярьж байлаа. Түүнчлэн "Хаан жимс" амралтын газар байрлах газар нутаг нь эзэн Чингис хааны өвөлжөө байсан гэдэг утгаар нь шинэ бүтээгдэхүүнээ "Хуба Хаяа" хэмээн нэрийдсэн хэмээн компанийн удирлагууд тайлбарлаж байв. "Монголын нууц товчоо" түүхэн эх сурвалжид "Чингис хаан Хуба хаяад өвөлжив" гэсэн байх нь хэдэнтээ дурдагддаг. Тиймээс тус компанийхан их эзнийхээ өвөлжөөгөөр нэрлэсэн бүтээгдэхүүнтэй болсондоо баяртай байгаа юм байна.

Амин дэмийн ундааг гаргаж авахад Японы мэргэжилтнүүд гар бие оролцсоны дээр Германы технологиор үйлдвэрлэж байгаа аж. 100 мл-ын савлагаатай тус бүтээгдэхүүнийг сэрүүн нөхцөлд хадгалахад нэг жилийн хугацаа даахуйц байхаар хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна гэж тэд ярьлаа.

Б.Туул

Связанные новости