“Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх “Замын зураг”-ийг эцэслэн батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-03 12:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс нэгдэн ороод буй “Ойн түншлэл”-ийн хүрээнд Европын холбоо, Монгол Улс хооронд хэрэгжүүлэх “Замын зураг”-ийг өнөөдөр талууд “Туушин” зочид буудалд эцэслэн батлав.


Олон улсын “Ойн түншлэл”-ийг Европын холбоо анхлан санаачилан гаргасан бөгөөд нийт 5 улс багтдаг. Үүний нэг нь Монгол Улс юм. Манай улс Ази, Номхон далайн бүсээс ганцаараа нэгдэн орсон орон юм.


Анхлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд найрамдах Египет улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын холбоо хооронд харилцан ойлголцлын санамж бичиг”-т Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй гарын үсэг зурж байгуулсан юм.


Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар манай улсын БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран энэ оны 1 дүгээр сараас “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх “Замын зураг”-ийн төслийг хэлэлцэн тохиролцон гүйцэтгэснийг ийнхүү өнөөдөр хоёр тал эцэслэн батлав.


Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулан, үүнтэй уялдуулан ойн салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх зорилго бүхий үүрэг амлалт юм.


Дээрх үндсэн зорилго, үүрэг амлалт бүхий “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх “Замын зураг”-ийг эцэслэн баталж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурав.

Связанные новости