“Мах импекс” ХК хийн савлагааны технологи нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Мах импекс” ХК ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
Хийн савлагааны онцлог нь мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэн олон төрлөөр зүсдэг ба Монголд анх удаа нэвтрүүлж буй гэдгээрээ онцлогтой юм. Тус технологи нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг 40-60 хоног уртасгадаг байна. “Мах импекс” ХК уг технологийг суурилуулахдаа үйлчлүүлэгчдийнхээ дунд явуулсан судалгаанд суурилан олон улсын чанар аюулгүй байдлын стандартад нийцсэн орчинд нэвтрүүлснээрээ давуу гэдгийг компанийн удирдлагууд онцолж байв.
Түүнчлэн “Мах импекс” ХК ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Ингэснээр бүтээгдэхүүн экспортлох улсын тоо болон бүтээгдэхүүний хэмжээ нь нэмэгдэх боломжтой аж.
Б.Заяа