ГОВЬ-АЛТАЙ: Хамгийн өндөр цэг Сутай хайрхан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-07-05 15:50:21

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул, үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий. Тэдгээрийн нэг бол Сутай хайрхан уул юм.

                                    

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон Сутай хайрхан уул Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. 


Эрт цагт хүмүүс уг уулаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. 


Сутай хайрхан (172,713 га)-ыг 2018 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.


Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал эмзэг нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц ландшафтыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн цэнгэг усны асар их (50 km3) нөөц, мөнх цас мөсөөр тэжээгддэг олон голын эхийг хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судлах шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүрдсэн. Мөн цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хадны суусар зэрэг Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн ховор амьтдын олон зүйлийг хамгаалах нөхцөл бүрдсэн маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрхны өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрхны өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн бол 2021 онд хамгийн сүүлд тахьжээ. Сутай нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.


Связанные новости